Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардсан “Огцрох амархан” эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс орлогоо нотлохыг, ингэхдээ УИХ-ын гишүүний албан тушаалаасаа бууж, бүрэн эрхээр далайлгалгүй, хөрөнгө, орлогоо хараат бусаар шалгуулахыг шаардсаар байгаа юм. Жагсаал эхэлснээс хойш Ерөнхий сайд ард түмэндээ хандан албан ёсоор ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийсэнгүй өдий хүрэв. Энэ бүхнээс улбаатайгаар өдгөө түүнийг 70 мянга орчим иргэн огцрох ёстой хэмээн үзэж, гарын үсэг зуржээ. Үндсэн хууль, Засгийн газрын болон УИХ-ын тухай хуульд зааснаар Ерөнхий сайдыг гурван үндэслэлээр огцруулдаг аж. Эдгээрийн нэг нь буюу гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал уг асуудлыг УИХ-аар авч хэлэлцдэг. Тэгвэл үүнийг түүчээлэн УИХ-ын нэр бүхий таван гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцрох ёстой гэж үзэн, гарын үсгээ зураад байна. Тодруулбал, гишүүн Ш.Бямбасүрэн, Ж.Золжаргал, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар жагсагчдын үзэл санаа, шаардлагыг дэмжиж буйгаа ийн илэрхийлжээ. Дахиад 27 гишүүн гарын үсэг зурвал Л.Оюун-Эрдэнийг огцруулах, эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх гэнэ.
М.Гэгээ