Сүхбаатарын талбай нийслэлчүүдийнх биш, Х.Нямбаатарынх болоод удаж буй. Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар жуулчны улирал эхэлснийг мэдэгдэж, төв талбайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд “UB food” хоолны өдөрлөг зохион байгуулсан билээ. Үүнээс хойш тэрбээр их хотынхоо талбайг хар зах шиг болгон, өдөр бүр л элдэв янзын арга хэмжээ зохион байгуулж, амар заяаг нь үзүүлэхээ больсон. Энэ элийрэл нь эцэстээ өвчин болсон уу, хотын дарга маань зун болсныг тэмдэглэж, иргэдийн баяр хүртэл зохион байгуулахаа зарласан юм. Хамгийн хортой нь, жуулчдыг татна гэсэн аливаа арга хэмжээнүүд нь бүгд эсрэгээрээ тэднийг үргээх шалтгаан болчхоод байхад л өдий болтол төв талбайг чөлөөлж өгсөнгүй. Ингэж гүрийх шалтгаан нь ч өнөөх л жагсаал, цуглаан зохион байгуулуулахгүй гэсэн далд санаа гэж иргэд шүүмжилсээр байна. Тиймдээ ч УИХын гишүүн Ч.Лодойсамбуугийн нийгмийн сүлжээнд өчигдөр бичсэн “Төв талбайг чөлөөл, танай гэр бүлийн эдлэн биш, Х.Нямбаатар аа, Л.Оюун-Эрдэнэ ээ” гэх сэтгэгдэлд олон хүн хариу үйлдэл үзүүлж, дэмжсэн байв.
О.Оргилох