Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид болон мэргэжлээ дахин сонгох гэж буй залууст зориулсан “3L” нэртэй боловсролын өдөрлөгийг төв талбайд өчигдөр нээлээ. Гурав хоног үргэлжлэх тус яармагт боловсролын салбарын мэргэжилтнүүд, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, сургалтын төвүүдийн төлөөлөл оролцож, төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь тусалж байна. Ингэхдээ тэдний хүсэл сонирхлыг сонсож, “оношилж”, мэргэжлээ эрт сонгохын давуу тал, онцлог, хөдөлмөрийн зах зээлийн одоо ба ирээдүйн төлөв, цалин, урамшууллын нөхцөл байдал зэргийг танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өгч буй аж. Мөн гадаад, дотоодын сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжуудын талаар ч сурталчилж байгаа гэнэ. Улс орны ирээдүй хүний хөгжлөөс, хувь хүний хөгжил чанартай боловсролоос эхэлдэг жамтай. Тэр ч утгаараа өдөрлөгийн үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлгүүд өрнүүлж, мэргэжлээ болж өгвөл эрт сонгож, түүнийхээ дагуу бэлтгэгдэх хэрэгтэйг зөвлөв. Хувийн сургуулиудын хүүхдүүд есдүгээр анги төгсөхдөө л суралцах чиглэлээ тодорхойлчихдог. Ингэснээр ахлах ангид ормогцоо л сонгосон хичээлүүдээ гүнзгийрүүлэн судалж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, орчин цагт улс, хувийнх гэлтгүй бүх хүүхэд дунд ангиасаа эхлэн мэргэжлээ сонгож, карьераа төлөвлөж сурах нь чухал болоод буй юм. Тий мээс боловсролын энэхүү өдөрлөгөөр хүүхэд, залууст сонирхож буй салбарт чинь карьерын ямар боломж байгааг, их, дээд сургуульд элсэхдээ юуг анхаарах, гадаадад суралцах, тэтгэлэг хүсэх бол өргөдөл хэрхэн илгээх, ямар баримт бичиг бүрдүүлэх, хаана сайн дурын ажил хийвэл үр дүнтэй вэ гэх зэрэг мэдээллийг өгч байгаа аж.
О.Ундрах