Үе үеийн Засгийн газрын гишүүд, тэр дундаа боловсролын асуудал эрхэлсэн сайд нар их, дээд сургуулийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлж, түгжрэл, төвлөрлийг бууруулах талаар ёс юм шиг ярьж, өнгөрсөн хугацаанд элдэв санаачилга гаргаж ирсэн байдаг. Энэ уламжлалыг гурван намын төлөөлөл бүхий хамтарсан Засгийн газар ч үргэлжлүүлж, төрийн өмчийн их сургуулиудын хоёр салбарыг “нутаг заах”-аар шийдвэрлэснээ танилцуулсан билээ. Тухайлбал, ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийг Хөшигийн хөндий рүү, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу нүүлгэхээр төлөвлөж буйг Боловсролын сайд П.Наранбаяр энэ оны эхээр олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл Боловсролын яам ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зураг төсөв, ТЭЗҮ боловсруулуулахаар 800 сая төгрөгийн төсөвтэй тендер зарлажээ. Хөшигийн хөндийд буюу “Хүннү хот”-д сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нь тусгаад буй. Харин үүний тодорхой хэсэгт нь ШУТИСийн зарим салбарыг төвлөрүүлэх, инженерийн дээд боловсролын сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Хүннү хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас энэ талаар тодруулахад “Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын зориулалттай 506 га газрын 50 га-д нь ШУТИС-ийн салбар сургуулийг байршуулна. Одоогоор инженерийн чиглэлийн нэг сургуулийг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүн дээр байгалийн ухааны сургуулиуд нэмэгдэж болзошгүй” гэлээ. ХААИС, ШУТИСийн дээрх салбаруудыг нүүлгэх, шинээр байгуулах холбоотой зөвхөн “бичиг цаас”-ны ажил буюу зураг төсөв, ТЭЗҮ-ийг боловсруулахад энэ онд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Н.Мишээл