Налайхаас шороо, блок, цемент ачсан бүх автомашиныг Баянзүрхийн товчоогоор нэвтрүүлээгүйн улмаас жолооч нар бухимдаж, том оврын тээврийн хэрэгслүүд урт цуваа үүсгэсэн талаарх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Учир байдлыг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д “Улаанбаатар хотын замаар даац хэтрүүлэн элс, хайрга ачсан автомашин ихээр явж байна. Эдгээр нь зам эвддэг. Даац хэтрүүлэн тээвэрлэж буй зөрчлүүдэд арга хэмжээ авч өгнө үү” гэх санал, хүсэлт олон иржээ. Үүний дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 52.1, Зөрчлийн тухай хуулийн 14.7.47, Монгол Улсын стандарт MNS4598:2025-ыг мөрдүүлэх, зөрчлийг илрүүлэх, арилгуулах зорилгоор энэ сарын 19-нөөс шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслийг шалган, зөрчил гаргасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Шалгалтын явцад замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн жин, тонн хэтрүүлсэн, зам, замын байгууламжид эвдрэл үүсгэсэн, зорчих хэсгийг бохирдуулсан, шороо болон зуурмаг асгасан, хучлагагүй ачаа тээвэрлэсэн зэрэг зөрчил илэрснийг арилгуулсан” гэв. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар даац хэтрүүлсэн, зөрчил гаргасан, том оврын тээврийн хэрэгслийн 1094 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Ч.Болор