Төв цэнгэлдэх хүрээлэнд тавдугаар сарын 31-ний үдэш болсон “Зуны зугаа” тоглолтын үеэр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан цөөнгүй хэрэг гарч, зарим хохирогч нь олон нийтийн сүлжээнд зураг, сэтгэгдлээ нийтэлсэн. Тэгвэл өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Зуны зугаа” шоуг зохион байгуулагч, тухайн тоглолтын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллах харуул хамгаалалтын болон худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллагуудад үйл ажиллагаанаас өмнө албан шаардлага хүргүүлсэн. Тоглолтын үеэр цагдаагийн 140 алба хаагч хяналт тавьсан. Энэ явцад 10 хутга, зодооны хэрэгсэл хоёр хурааж, алдаж гээсэн 18 эд зүйлийг олж тогтоон, эздэд нь өгсөн. Мөн насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундаа ууж, хэрэглэсэн болон төөрсөн 22 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Тухайн тоглолтын үеэр эрүүл мэндэд нь хохирол учирсан гурван хүн эмнэлгийн тусламж авч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилладаг. Зарим тохиолдолд тоглолт зохион байгуулагч нар гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажилладаг. “Зуны зугаа” шоуны үеэр гэрээт харуул хамгаалалтын байгууллагын 200 хүн ажилласан” гэсэн мэдээлэл өгсөн.
Шоу тоглолтын үеэр гэмт халдлагад өртсөн, танхайрсан гэх 35 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн аж. Энэ үеэр гурван хүн бусдад хутгалуулсан байна. Тэднийг 19-20 настай Ц, Г гэх хоёр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохироосон нь тодорхой болжээ. Мөн танхайрсан үйлдэлд холбогдуулан 20-иод хүнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж буй гэнэ.
Г.Орчлон