Манай улсад хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, үнэлгээ нь сүүлийн 10 жилд гэхэд 8.7, 2020 оноос хойш 4.7 дахин өсөөд буйг “Монголын хөрөнгийн бирж”-ээс мэдээлсэн. Үүнийг дагаад үнэт цаас сонирхох, худалдаж авах, хөрөнгө оруулах иргэдийн тоо ч эрс нэмэгдэж буйг хувьцаат компаниудын тайлан харуулж байна.
Одоогоор манай улсад 10 мянгаас дээш хөрөнгө оруулагчтай 15 хувьцаат компани бий аж. Тодруулбал, “Женко тур бюро” компани хамгийн олон буюу 51, “Улсын их дэлгүүр” 42, “ХААН банк” 34, АПУ 32, “Говь” 25 мянга гаруй хөрөнгө оруулагчтай бол “Премиум нэксус” буюу бидний нэрлэдгээр СU сүлжээ дэлгүүрийг хариуцагч компани, “Төрийн банк” 10 мянгын “босго”-ыг дөнгөж давжээ. “Хас банк”, “Сүү”, “Ард кредит ББСБ”, “Мандал даатгал”, “Монос хүнс”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Түмэн шувуут”, “Голомт банк”-ны хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчийн тоо 11-21 мянгын хооронд хэлбэлзэж байна. Хамгийн олон хөрөнгө оруулагчтай ангилалд багтаж буй эдгээр компанийн ихэнх нь банк санхүү, хүнсний салбарт харьяалагдаж байгаа юм.
Н.Мишээл