Extreme wildfire activity буюу хэт эрчимт түймрийн давтамж дэлхий даяар сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдэж, хуурайшилт өндөр, эрсдэлт улирлын хугацаа нэг сараар уртассаныг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Америкийн сансар судлалын агентлаг (НАСА)-гийн тоон мэдээллээс эш татан дурдлаа. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр түймрийн давтамж, үргэлжлэх хугацаа ньжилээс жилд нэмэгдэж буй гэнэ. Үүнийг харгалзан хуурайшилтын улирлын хугацааг шинэчлэн тогтоох, аюулгүй, бэлэн байдлаа хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
Манай улс хаврын хуурайшилтын эрсдэлт үеийг жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-нд тохионо гэж Ойн тухай хуульдаа тусгасны дагуу гамшгаас урьдчилан сэргийлэх, ойн санг хамгаалах ажлыг энэ үед хамгийн идэвхтэй зохион байгуулдаг. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр энэ хугацааг эргэж харах, өөрчлөх шаардлагатай болсныг судлаач хэлж байна.
Америкийн сансар судлалын агентлаг болон Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллага (CSIRO)-ын мэдээлэлд дурдсанаар түймрийн эрсдэлтэй хугацаа 1979 оноос хойш 20-50 хоногоор уртсаж, зарим бүс нутагт 100 хүртэлх хоногоор нэмэгджээ. Энэ он гарснаас хойш гэхэд 100 сая га талбай түймэрт өртсөн аж. АНУ-д сүүлийн зургаан сарын хугацаанд 2353 удаа түймэр гарч 30.9, Канадад 1985 тохиолдол бүртгэгдэж 3.87 сая га талбай шатсан нь хамгийн том хохиролд тооцогдож буй гэнэ.
Н.Мишээл