Нийслэлд өчигдөр 18.40 цагийн орчимд хүчтэй салхилсны улмаас Сүхбаатарын талбайд байрлуулсан төмөр асар нурж, гурван иргэн гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа. Хүчтэй салхины улмаас асар нурж, хоёр том хүн, нэг хүүхэд гэмтсэн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийг шалгаж байна. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн албаныхнаас тодруулахад “Талбай дээрх тайзыг буулгах шийдвэр гарч, үүний дагуу ажлаа эхлүү¬лэх үед хүчтэй салхи дэгдэж, тайз нурлаа. Гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргүүлсэн. Холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгаа” гэв.
Тус асарт хэд хоногийн өмнө 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан бөгөөд зарим нэг тавцан, тайзыг буулгаж, хурааж байх үед гэнэт хүчтэй салхи дэгдэж, өндөр настай эмээ толгойгоо цохиулж, нэг хүүхэд, тайзны засалч залуу өвдгөө гэмтээсэн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хэлтсийн дарга ярив. Тэрбээр “Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл байлаа. Эл асрыг 2016 оноос Төв талбайд байрлуулж, ашиглаж ирсэн. Гэтэл саяын хүчтэй салхинд төмөр каркас нь зургаан метр орчим урагш хазайж, ган таталгат бэхэлгээ нь тасарсан” гэлээ. Мөн талбайн ногоон зүлэг хууларч, салхинд хийсэж байв. Цаг уурын байгууллагын мэдээлснээр осол болох үед салхи секундэд 19-25 метр хүрч салхилжээ. Секундэд 18 метрээс дээш хүчтэй салхилбал аюултай үзэгдэл гэж үздэг аж.
Ч.Цэлмэг