Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний хийсэн ажлыг сурталчлан таниулах зорилгоор “Women in tech” олон улсын байгууллагаас зохион байгуулдаг шилдэг старт-ап, төсөл, хөтөлбөр шалгаруулах уралдаанд Л.Бадамцэцэг хэмээх монгол эмэгтэйн санаачилга Азийн бүс нутгаас тэргүүн байр эзэлжээ.
Тэрбээр бизнес хөгжүүлэлт, гадаад харилцаа, орчуулга, медиа маркетинг гээд орчин цагт ид эрэлттэй буй, зайнаас ажиллах боломжтой ажлуудад олон зуун ээж, эмэгтэйг цахимаар зуучилж, цалин орлоготой, хамт олонтой болох боломжийг “Momade” агентлагаараа дамжуулан олгосон аж. Дээрх олон улсын байгууллага түүний санаачилгыг Азийн шилдэг нөлөөллийн төслөөр өргөмжилж, “Women tech in global” тэмцээнд тивээ төлөөлөн өрсөлдөх эрх олгожээ. Эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг технологиор дамжуулж шийдэхийг эрэлхийлдэг фемтек (female, technology хэмээх үгийн товчлол) салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйн хэрээр бүсгүйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих чиглэлд дэлхий нийт анхаарах болсон. Дээрх уралдаан ч ийм зорилготой. Л.Бадамцэцэгийн агентлаг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа бага насны хүүхэдтэй ээжүүдэд өөрийнхөө нөхцөл боломжид тааруулан, сонирхсон чиглэлээрээ төсөл, хөтөлбөрт ажиллах боломж олгодгоороо онцлог . Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард Францын Парис хотыг зорьж, технологийн салбар дахь тив тивийн шилдгүүдтэй өрсөлдөх нь.
Ж.Сувд