Бусдын амь, эрүүл мэндэд зэрлэгээр халдсан хэрэг сүүлийн үед шил шилээ даран гарч, үүнтэй холбоотой айдас түгшүүр, болгоомжлол нийгэмд үүсээд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бүхний суурь шалтгааныг тэгш бус байдал, ёс суртахууны уналт, сэтгэцийн хямралтай холбоотой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, боловсрол, эрүүл мэнд, хууль, эрх зүй, соёл, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагынханд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс суртахуун, хариуцлагын боловсролыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгосноо мэдэгдэв. Энэ чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөө гаргаж танилцуулахыг ч салбарын сайд нарт даалгажээ.
Тэрбээр “Эмэгтэйчүүдийг зодох, хүүхдийг хүчирхийлэх, мал, амьтныг хэрцгийлэн хөнөөх зэрэг хэрэг нь ганц, хоёр хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл юм. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байна” гэв.
Н.Мишээл