Португалийн шигшээ болон “Аль-Наср” багийн довтлогч К.Роналдуд зориулсан музей Хонконгт нээгдсэн тухай Blooloop мэдээллээ. К11 урлагийн төвд нээгдсэн тус музейд нэрт хөлбөмбөгчийн олон дурсгалт зүйл, тухайлбал 2008 оны “Алтан бөмбөг” байршжээ.
К.Роналдугийн музей нийт 365 кв.м талбайтай, 40 орчим үзмэртэй юм. Ойрын хугацаанд нэрт тоглогч өөрөө ирж тус музейтэй танилцах талаар зохион байгуулагчид мэдээлжээ. Энэ бол К.Роналдуд зориулсан Ази тив дэх анхны музей юм. Түүнчлэн түүний төрсөн хот болон Саудын Арабт тус бүр нэг музей бий.
Сонирхуулахад, эхний зочдод зориулсан VIP тасалбарын үнэ 4000 хонконг доллар (1.8 сая орчим төгрөг) байсан ч хэдхэн цагийн дотор зарагдаж дууссан байна. Харин музейн тасалбарын тогтсон үнэ нь 80 орчим мянган төгрөг байх аж.
Н.Энх