Хуучнаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн даргаар ажиллаж байсан Д.Баярмандах гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүллээ. Тодруулбал, энэ сарын 9-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэргийг хэлэлцэж түүний нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
Тэрбээр тусгай шаардлага хангаагүй Ц.Эрдэнэцэцэг гэдэг хүнийг ХНХҮТ-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтнээр томилох хууль бус тушаал гарган ажиллуулсан хэрэгт холбогдсон юм. Уг нь хоёр жил ХНХЯ-ны харьяа байгууллагад ажилласан хүнийг энэ албан тушаалд томилох дүрэм, журам үйлчилдэг юм байна. Мөн 2021 оны хоёрдугаар сарын 1-нд БНСУ-ын Сонвү FI ком¬панийн гүйцэтгэх захирал Жон Юүн Гө гэх хүнтэй үл хөдлөх хөрөнгийн түрээсний гэрээ байгуулахдаа барьцааны төлбөр байршуулж байсан “Хана” банк дахь данснаас 49.6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний воныг өөртөө авч завшсан хэрэгт холбогдсон байдаг. Түүнчлэн БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар 2022 оны гуравдугаар сарын 31-нд Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн 11 хүний дунд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг бус хүнийг сайдынх нь шийдвэрээр үлдээсэн бол дөрөв нь ажлаа өгч нутаг буцсан байдаг. Харин ажлаа хийгээгүй дөрвөн хүний нэр дээр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах цалин бодож, 2022 оны 4-6 сарын цалинг нь авсан хэмээн АТГ-ын Мөр¬дөн шалгах хэлтэст шалгаж байсан. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, БНСУ-аас ирэхгүй байсан учраас АТГ-ын мөрдөгчид хойшлуулшгүйгээр баривчилж албадан авчирсан гэх мэдээлэл ч бий.