Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/04 дугаартай удирдамжийн дагуу химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаан дахь хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийж байна. Тус шалгалтаар аж ахуйн нэгжүүд химийн хорт болон аюултай бодисыг ашиглахдаа холбогдох дүрэм журмыг мөрдөн ажиллаж байгаа, эсэхийг, хуулийн хэрэгжилт ямархуу байгааг танджээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар дээрх хяналт шалгалтад 113 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хамруулсан бөгөөд хууль, журам зөрчсөн 85 үйлдлийг илрүүлээд буйгаа салбарын яамнаас мэдээллээ. Одоогоор хуулийн 10 этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, алдаа дутагдлыг арилгуулсан аж. Мөн шалгалтаар химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан гэмт хэргийн шинжтэй зургаан үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэнэ.
Ташрамд дурдахад, Эрүүгийн хуульд “Хуулийн этгээд нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаж, 20-120 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заажээ.
О.Оргилох