Засгийн өнөөдрийн хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн эсрэг хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар хэлэлцлээ. Улмаар хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,
- УИХ-иар 2002 онд батлагдсан хуулийн Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих хуулийн шинэчилсэн найрууллагыг төслийг яаралтай эцэслэн боловсруулж Засгийн газарт ирэх наймдугаар сард танилцуулахыг Хууль зүйн, дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болголоо. Дээрх хуулийн төслийн хүрээнд хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн холбогдогчдод хүлээлгэх хариуцлагыг чангатгах, бусад объектив байдлыг харгалзан ялыг ялгамжтай болгох байдлаар энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгосон байна.
- Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх асуудлыг хязгаарлах, таслан зогсоох зорилгоор Турк, Өмнөд Солонгос, ОХУ, АНУ, Тайланд, Вьетнам болон олон улсын бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Гадаад хэргийн сайд нарт даалгалаа.
- Мансуурах донтой иргэдийг эмчлэх сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх чиг үүрэгтэй төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах ажлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгов. Мөн Монгол Улсад хориглосон, хяналтад байх ёстой мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
- Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээний талаар тархалтын талаар судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болоод Нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, энэ саналаа ирэх наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ЗГХЭГ-ын даргад даалгалаа.
- Монгол Улсад ургадаг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ургамлын тархацыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээг шуурхайлахыг ЦЕГ-т даалгалаа
Эдгээрийг чиглэлээр холбогдох сайд болон албан тушаалтан нарт үүрэг даалгавар өглөө.