Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Амьтны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж буй. Шалгалтын явцад буюу энэ оны эхний хагас жилд 22 зүйлийн 755 зэрлэг амьтныг хууль бусаар агнасан байсныг илрүүлжээ. Улмаар тэдгээрийн түүхий эд, эрхтнийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн зэрэг 168 удаагийн хууль бус үйлдлийг илрүүлж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авхуулж, байгалийн нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар хууль бус ан агнуурт ашигласан эд зүйлс болох галт зэвсэг, мөсний өрөм, загасны тор, уурга, дэгээ зэргийг хураан авчээ. Эдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр галт зэвсгийг цагдаагийн байгууллагад, бусад хэрэгсэл, амьтны эд, эрхтнийг тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд, тарваганы мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд тус тус хүргүүлсэн талаар салбарын яамнаас мэдээлэв.
О.Оргилох