Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар дараах шийдвэрийг гаргажээ. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад хор хөнөөлийн талаар таниулах, УИХ-аас 2002 онд баталсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, ирэх сард багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт даалгав. Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалж, гэмт этгээдэд хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах гэнэ. Мөн Турк, Өмнөд Солонгос, АНУ, ОХУ, Тайланд, Вьетнам болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, улсын хилээр хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох юм байна.
Түүнчлэн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулахаарболов. Энэ төрлийн эмийн жагсаалтыг шинэчлэн батлах ажлыг Засгийн газрын холбогдох гишүүдэд, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих, бүрэн устгах арга хэмжээ авахыг ЦЕГ-т үүрэг болгов.
Ч.Туяа