Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Тогтоолоор хөгжлийн төслүүдийн эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгжих боломж, санхүүжилтийн эх үүсвэр зэргийг харгалзан эрэмбэлж, заримыг нь хойшлуулж, улсын төсөвт дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгов. Энэ талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “14 мега төслөөс гадна 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт салбарын яамдад хариуцуулсан 148 төсөл бий. Эдгээр төслийг санхүүжилтийн эх үүсвэр, ач холбогдлоор нь эрэмбэлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яамныхан хийж байгаа. 14 мега төслийн дөрвийг нь хэрэгжүүлж эхэлсэн. “Тавантолгой станц”, зэс боловсруулах, алт цэвэршүүлэх үйлдвэр, ган, нүүрс, кокс, химийн цогцолбор зэрэг ач холбогдол өндөртэй таван төсөл бий. Эдгээрийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх шаардлагагүй юм. Мөн улсын төсөвт тусгагдаагүй, зураг төсөвгүй, санхүүжилт нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлтийг хангаагүйг нь хасна. Ирэх оны төсөвт ийм төслүүдэд санхүүжилт олгохгүй” гэв.
Түүнчлэн “Антре гоулд”, “Петрочайна Дачин тамсаг”, “Бадрах энержи” зэрэг компанийн хөрөнгө оруулагч нартай Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцээ хийж, гэрээний төслүүдийг тохирох, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулан эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тогтоолоор үүрэгдсэн байна. Мөн хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд холбогдох гишүүдэд даалгалаа. Гадаадын хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлын 65 хувь нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамаарч буй аж.