Цэргийн түүхч, доктор Г.Мягмарсамбуу үндэсний эрх чөлөөний хувьсгалын болон БХЯ байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын цэрэг, цэргийн жанжид” (ХХ зууны эхэн) хэмээсэн цуврал бүтээл туурвиж байгаа билээ. Тэрбээр эл цувралынхаа гуравдугаар дэвтэр “Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Домогт жанжин ардын Хатанбаатар Магсаржав /1878- 1927/” нэртэй судалгааны шинэ номоо хэвлүүлжээ. 1911-1921 он хүртэл бүтэн 10 жилийн турш Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцлийг манлайлан зүтгэж, 30 гаруй удаагийн байлдаан удирдахдаа ганц ч ялагдаагүй жанжин С.Магсаржавын тухай ард олон “Дайсны сум даадаггүй, ямар ч дайсан халдаж чаддаггүй, дайнаас ирээд бүсээ тайлахад өврөөс нь сум сархийн унадаг” гэх зэргээр бишрэн ярьдаг гэдэг.
Ховд хотыг Манжийн амбан, хятад цэргээс чөлөөлөх тулалдаанд цэрэг дайчдаа амжилттай удирдан зохион байгуулж ялалт байгуулсан тул Богд хааны зарлигаар Хатанбаатар цол, үе улиран бэйсийн зэргээр шагнагдаж байсан түүнийг хамтран зүтгэгч нөхөд нь “Хас чулуу мэт зүрхт, хатуу хурц зоригт Хатанбаатар” хэмээн өндрөөр үнэлж байжээ. “Намайг баатар хүн гэдэг. Би үнэндээ баатар хүн биш, зоригтой хүн. Миний мэт хатуу зоригийг барьж чадваас ямар ч хүн баатар болж чадна. Иймд аливаа хүнд зориг хэрэгтэй” хэмээн хэлж байсан Баатар вангийн тухай эл бүтээлээ туурвихдаа зохиогч Г.Мягмарсамбуу Үндэсний төв архив, МАН-ын Баримтын төв, Батлан хамгаалахын төв архивын баримт, Монгол цэргийн музей, Булган аймгийн музейд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлс болон зарим сонирхолтой баримт, судалгааны бү тээлийг ашиглаж, Магсаржавын намтар, үйл ажиллагааг өргөн хүрээтэй авч үзсэн байна.
Уг бүтээл нь 2011 онд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Цэргийн шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарчээ.
Б.АМГАЛАН