Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аян эхлүүлж буй талаараа өчигдөр мэдээлэв. Дээрх байгууллагууд иргэдийн санхүү, эдийн засаг, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд олон арга хэмжээ өрнүүлсэн ч залилан, луйварт өртөж, хохирох явдал буурахгүй байгааг хурлын эхэнд онцолсон. Тухайлбал, залилах гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 42.7 хувьтай аж. Хүн амын 83 хувь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим орчин ашигладаг нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхэд нөлөөлж буйг цагдаагийн байгууллагаас сануулав. Тодруулбал, энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 38 090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13.393 нь залилах гэмт хэрэг байжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 33.6 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
Энэ удаагийн аянд Монголын баримт шалгах төвийнхөн хамтран оролцох бөгөөд нийгмийн сүлжээгээр түгж буй хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, үнэлгээ өгснөөр тухайн хуурамч мэдээллийн хандалтыг бууруулах аж.
Ч.Туяа