Нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэг байгуулжээ. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхам хийж тэмцэх нь уг ажлын хэсгийн үүрэг аж. Үүнд ТЕГ, АТГ, ЦЕГ болон бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гаалийн болон Татварын ерөнхий газар, холбогдох төрийн байгууллагын төлөөллийг оруулсан байна.
Тэд авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж, батлуулах талаар санал, дүгнэлт гаргах юм. Үүний хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд үүрэг болгов. Мөн Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, аливаа гэрээ хэлцэл ил тод, нээлттэй байх зарчмаар болзошгүй хулгайгаас урьдчилан сэргийлж, олон нийтийн хяналт бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэжээ. Олон нийтийн өмчийг хамгаалж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх нь Засгийн газрын үүрэг учраас цаашид үүнд онцгой анхаарч ажиллахаа онцолсон байна. Тухайлбал, “Монгол шуудан” компанийн 34 хувийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээр үр ашиг нь 10 дахин нэмэгдсэн аж.
Төрийн албаны бүх шатанд хулгайг үл тэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж, олон жил ярьсан үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүдэд бодитой үр дүн гаргаж ажиллахыг тэрбээр мөн Тусгай ажлын хэсэгт үүрэг болголоо.
С.Уул