Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн болониргэнБ.Насан-Эрдэнэ, Б.Нандин-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол өчигдөр удирдан хийлгэлээ. Т.Дүүрэнг дээрх албан тушаалыг хашиж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэрбээр нэр бүхий арилжааны банкан дахь МҮХАҮТ-ын хадгаламжийн данснаас нэг сая ам.доллар буюу 2.8 тэрбум төгрөгийн гэрээг цуцалж, уг мөнгөөрөө биткоин худалдан авсан. Үүнээсээ 1.9 тэрбумыг нь хэргийн хамтрагч Б.Насан-Эрдэнэ зэрэг хүмүүст шилжүүлэн виртуал хөрөнгө болгож бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаасан хэмээн шүүхэд шилжүүлсэн билээ. Яллагдагч дээрх гурван хүний өмгөөлөгч нарын хүсэлтээр явуулсан урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргалаа. Учир нь арилжааны банкны дансан дахь хадгаламжийг цуцлах шийдвэр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс гаргасан, эсэхийг шалгах, уг гэрээг хүчингүй болгоход тус танхимын ерөнхийлөгч асан О.Амартүвшин ямар нэг шийдвэр гаргасан, үгүйг тогтоохын тулд түүнээс тайлбар мэдүүлэг авах шаардлагатай гэж шүүх үзсэн юм. Түүгээр ч зогсохгүй тус танхимын хадгаламжаас авсан нэг сая ам.долларыг буцаан төлсөн эх үүсвэрийг ч нарийвчлан шалгах шаардлагатай гэж дүгнэлээ.
Харин Т.Дүүрэнгийн өмгөөлөгч нарын гаргасан “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийг хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерийн хөрөнгийг завшсан гэх хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг энэ удаа шүүх хэлэлцсэнгүй.