Боловсролын зээлийн сангийн (БЗС) сонгон шалгаруулалт нээлттэй бус, тус сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа нь үүрэгт ажилдаа тэнцэхгүй хэмээн зарим иргэн өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, О.Сийлэгмааг Хүний эрхийн үндэсний комисс болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Ёс зүйн дэд хороо зэрэг долоон байгууллагаас хууль зөрчсөн хэмээн үзсэн ч өөрөө үл зөвшөөрч, үүрэгт ажлаа гүйцэтгэж байгааг иргэд эсэргүүцэж байна гэж тэд хэллээ. Үүнээс гадна БЗС нь жил бүр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн оюутнуудад тэтгэлэг олгодог бөгөөд энэ онд 200 орчим иргэн хүсэлтээ гаргасан ч сонгон шалгаруулалт шударга бус, хаалттай болсон гэв. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нэг гишүүн Стэнфорд, Харвардын их сургуулиас сургалтын төлбөрийн тус бүр 50 хувийн тэтгэлэг авсан ч БЗС-гийн ярилцлагад тэнцэлгүй хасагдсан нь шударга бус явдал гэдгийг дурдсан юм. Иймээс БЗС-гийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгох, мөн хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан байна.
Үүний дараа дээрх асуудалд О.Сийлэгмаа тайлбар өглөө. Тэрбээр “Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 2022-2025 онд гадаадад суралцаж буй 1100 хүүхдэд одоогоор 100 тэрбум төгрөг олгоод байна. Эдгээрээс 39 оюутны тэтгэлгийг зогсоосон. Оюутнууд хангалтгүй суралцсан, сургуулиас гарсан гэх мэт шалтгаантай. Ингэснээр нэг хүүхдэд 11-450 сая төгрөгийн өр үүссэн. Мөн амжилтгүй суралцсан 26 оюутны тэтгэлгийг түдгэлзүүлсэн бөгөөд цаашдын байдлаас нь шалтгаалж тэтгэлгийг үргэлжлүүлэх, эсэхийг шийднэ. Хүүхдүүд төсөвлөснөөс илүү төлбөртэй дотуур байранд шилжин амьдрах, өөр бусад зардал нэхэх, дүнгийн хуулгаа ирүүлэхгүй байх зэргээр журмын бус авирлах нь цөөнгүй. Тийм оюутнуудын эцэг, эхчүүд ч гомдол санал гаргаад яваад байгаа юм. Бид хуулийн дагуу ажиллаж байна. Хууль журам зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй” гэв.