Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Төсвийг орлоготойгоо нийцүүлж, зарлагаа ач холбогдолын дарааллаар нь эрэмбэлж зарцуулахыг ерөнхий захирагч нар болох сайд нар даалгалаа. Мөн хэмнэлтийн хууль дөрөв дэх жилдээ хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэ хуулийг нарийн чанд сахиж ажиллах шаардлагатай. Үлдсэн хугацаанд төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотойгоор зардлуудаа эрэмбэлж, цалин болон нийгмийн даатгалын зардал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, салбаруудаас Онцгой байдлын ерөнхий газрын зохих зардлууд, хөрөнгө оруулалтууд, эрүүл мэндийн салбар зэрэг зардлуудыг тэргүүн ээлжинд саадгүй санхүүжүүлэх үүрэг өглөө. Энэ жилээс төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх даалгаврыг өглөө. Мөн цахим орчинд шилжиж, бичиг хэрэг, тээвэр, томилолтын зардал гээд тэвчиж болох зардлуудыг тооцож, он дуустал хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Энэ жилийн тухайд 140.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсан. Үүнээс 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг өвөлжилтийн цас зудтай холбоотой онцгой байдлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бэлтгэж танилцуулах зардалд 2025 ондоо багтаж зарцуулах үүргийг өглөө. Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр болох "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Эрүүл монгол хүн" хөтөлбөрүүдээс гадна яамдууд дээр байгаа дэд хөтөлбөрийг 2026 он руу шилжүүлж байна. Татвар дээр аль болох шок өгөхгүйгээр аж ахуйн нэгж болон иргэдэд туслан зөвлөх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бол албадлагын арга хэмжээг шат дараатай авна" гэх мэдээллийг өглөө.