Засгийн газраа авч үлдэхийн тулд Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайдын албан тушаалыг сэргээсэн шийдвэрээ эргэж харах, эсэхийг олон нийт ажиглаж байна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Засгийн газрын бүтцээ 16 дэд сайдаар өргөтгөсөн. Иргэд, аж ахуйн нэгжүүд татварын дарамтад туйлдаж, эдийн засаг хүнд байгаа үед төсөв хэмнэхийн оронд дарга нарын тоог нэмлээ хэмээн сөрөг хүчнийхэн уг шийдвэрийг шүүмжилсэн юм. Улмаар энэ долоо хоногт дээрх шийдвэрээ цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах санал оруулна гэдгээ мэдэгдээд буй. Мөн АН-ын дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр Засгийн газрыг огцруулах 32 гишүүний гарын үсэг цуглуулж эхэлснийг бид мэдээлсэн билээ.
Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу нийт гишүүний дөрөвний нэгийн саналаар Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Улмаар нийт гишүүний олонх буюу 64 хүн дэмжвэл огцруулах юм. МАН дотроос “урвагчид” гарах магадлалтай, тиймээс сөрөг хүчний шаардлагыг Ерөнхий сайд үл тоож болохгүй. Хэдий тийм ч гаргасан шийдвэрээ 100 хувь үгүйсгэж чадахгүй, улс төрийн гацаанд орсон бололтой. Үүний оронд үндсэн чиг үүргийн буюу Эдийн засаг, хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын албан тушаалыг хэвээр үлдээж, бусдыг нь цуцлах хувилбар түүний танхим дотор яригдаж буй сурагтай. Гэхдээ энэ талаар Засгийн газрын хуралдаанаар албан ёсоор хэлэлцсэн зүйл байхгүй аж. Ийнхүү хэсэгчилж цомхотгох уу, эсвэл дэд сайд томилсон шийдвэрээ цуцлах уу гэдгийг эрх баригчид ярилцаж байна. МАН-ынхан түүний танхимыг 2027 он хүртэл хамгаалах тохиролцоондоо үнэнч байж чадах, эсэхээс Г.Занданшатарын шийдэл хамаарах юм.
С.Уул