
“Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй” кино сургалтын хүрээнд сэтгүүлчид өнгөрсөн пүрэв гарагт Оскарын шагналт Spotlight киног үзлээ. Уг киног 20 сая ам.долларын төсвөөр бүтээсэн бөгөөд нээлтээ хийснээс хойш 98 сая ам.долларын орлого олсон байна.
Энэхүү кино нь The Boston Globe сонины Spotlight нэртэй мөрдөн сурвалжлах багийнхны бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл юм. Киноноос гаднын сэтгүүлчид улс төрөөс хараат бус, санхүүгийн хувьд бие даасан байж, мэргэжлийн ёс зүйг чанд баримтлан ажиллаж буйг харуулсан нь сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд өгсөн хамгийн чухал сургамж байв.
Мөн уг киногоор дамжуулан сэтгүүлчийн нягт нарийн судалгаа, үнэний төлөө тууштай тэмцэл, хэвлэлийн эрх чөлөө, шударга ёсны үнэ цэнийг тодотгон харуулжээ. Бодит хэрэг явдалд тулгуурлан, хүмүүсийн амьдралд нөлөөлсөн нийгмийн ноцтой асуудлыг хүчтэй илэрхийлсэн байна.
Кинонд The Boston Globe сонины сэтгүүлчид Ромын Католик сүмийн удирдлагын хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийг илрүүлдэг. Олон, бүр маш олон санваартан хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн боловч сүмийн байгууллага үүнийг олон жилийн турш нуун дарагдуулж, хамгаалж ирсэн нь хамтын сурвалжилгаар ил болдог. Сэтгүүлчид олон баримт, нотолгоо цуглуулж, энэхүү системтэй нуун дарагдуулсныг дэлхий нийтэд илчилсэн юм.
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хууль эрх зүйн орчин болон редакцын чадавхыг бэхжүүлэх замаар иргэний орон зайг хамгаалах нь” төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтан, менежер, сэтгүүлчдэд зориулсан нийт зургаан удаагийн кино сургалтын сүүлийнхийг энэхүү киногоор өндөрлүүллээ.
Сургалтын дараа сэтгэл зүйчийг урьж авчирсан байлаа. Сэтгэл зүйч хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид ажлаа гүйцэтгэх явцад тулгардаг хүндрэл, бэрхшээлийг хууль эрх зүйн болон сэтгэл зүйн түвшинд хэрхэн даван туулах талаар мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, редакцад үзүүлэх төр болон нийгмийн дарамтын талаар бодит түүхээс сэдэвлэсэн уран сайхны киногоор дамжуулан хөндөж, Монгол Улсад тулгамдаж буй ижил төстэй асуудлаас ангид байх боломж, гарц шийдлийн талаар сэтгүүлчид чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв.