16 настай охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүйн амийг бүрэлгэсэн Ц.Дагвадорж, түүнтэй хамжсан хэрэгт холбогдсон Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, насанд хүрээгүй охиныг зуучилсан Х.Энхсайхан нарын гэм буруутай, эсэхийг дэнслэх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэллээ. Тэдэнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 2.5, 2.6, 2.7 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс дээш хүнийг харгис хэрцгийгээр, өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хөнөөсөн, 13.2- 2 дахь хэсгийн хоёр, түүнээс олон хүнийг хулгайлсан, 17.3-1-ийн эд хөрөнгө залилсан, 17.8-1-ийн бусдын эд хөрөнгийг устгасан, 12.5-1-ийн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, 26.2-1- ийн кибер орчинд хууль бусаар халдсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Ц.Дагвадорж нь 2024 оны зургаадугаар сард насанд хүрээгүй Ч.Ш-ийг боомилж хөнөөн чемоданд хийсэн, 32 настай, эмчээр ажилладаг Т.З-гийн амийг үүнийхээ өмнө нь бүрэлгэж, ханын шүүгээнд нуусан байдаг. Мөн Ц.Дагвадорж нь Ч.Ш-ийн амийг хохироосны дараа Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг заналхийлэн тэднээр цогцсыг чемоданд хийлгэж дуу-дүрсийг нь бичсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, фэйсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан хэрэг өдүүлсэн юм. Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Дагвадорж нь 16 насанд хүрээгүй Т.Мтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Энхсайхан нь тухайн хохирогчийг зуучилсан нь тогтоогдсон билээ.
Шүүх хурал өчигдөр эхлэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны гадна иргэд цуглан шүүх хурлыг шударгаар, нээлттэй хийхийг шаардан цуглаан зохион байгуулсан. Гэвч амиа алдсан хохирогч болон шүүгдэгч Х.Энхсайхан нь 16 насанд хүрээгүй учраас шүүх бүрэлдэхүүн хурлыг бүхэлд нь хаалттай явуулахаар шийдвэрлэсэн юм. Хурал эхлэхэд шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч нар “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг заавал оролцуулах ёстой” гэсэн санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзсанаар шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн. Тодруулбал, Э.Номин-Эрдэнэ болон түүний өмгөөлөгчийн зүгээс талийгаач эмч бүсгүйн ар гэрийнхнийг хуралд оролцуулах ёстой гэж байсан юм. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байв.
Г.Орчлон