Засгийн газраас санаачлан өргөн барьсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан билээ. Ингэхдээ даатгалын босго үзүүлэлтэд тавих шаардлагыг зургаан хувиас тав болгож бууруулсан юм. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг хуульд нийцүүлэн шинэчлэн тогтоосон байна. Ингэхдээ бод малын хорогдлын статистик мэдээлэлд актуар тооцоолол хийж, тухайн босго үзүүлэлтийг давах магадлалыг тооцон, гурван жил тутамд шинэчлэн тогтоодог аж.
Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд, бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Засгийн газар Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 онд амжилттай хэрэгжүүлж, УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг 2014 онд баталсан. Тус хуулиар малын индексжүүлсэн болон дотоодын давхар даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр олгох, даатгуулагч малчны эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн юм. Мөн даатгалын үйл ажиллагааг улсын хэмжээнд “Үндэсний давхар даатгал” ХК хариуцан ажиллаж буй юм байна.