УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаануудыг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэснийг үндэслэн ирэх сарын 23-ныг хүртэл завсарлууллаа.
Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий этгээдүүдийн ажилладаг “Страто” болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах нүүрс угаах, баяжуулах үйлдвэр лүү тээвэр хийх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт дахь Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай байгалийн шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх, уг замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д түр хугацаагаар эзэмшүүлэх сайдын тушаал гаргаж, дээрх хоёр компанид давуу байдал бий болгосон гэж буруутгаж буй билээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ, Э.Чанцалням, Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүн дээрх хоёр хүнд холбогдох хэргийг энэ сарын 6 болон 9, 10-нд хянан хэлэлцээд нэмэлт ажиллагааг дээр дурдсан хугацаанд хийлгэхээр боллоо.