Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдөр баталсан, Газар ашиглах эрх олгох тухай А/618 дугаар тушаалыг Монгол Улсын Үндсэн болон Хилийн тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзээд хүчингүй болголоо. Уг тушаалын дагуу Гашуунсухайт боомтод олгосон 66 га газрыг “Смарт эко транс” ХХК 2022-2025 он хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр ашиглаж байжээ. Газар ашиглах эрхийг нь бүр өнгөрсөн оны зургаадугаар сарын 13-нд олгосон байсныг хүчингүй болгосноор улс хилийн зурвас дахь дээрх газраа төрийн мэдэлд буцаан авав. Түүнчлэн экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгээс автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт эко транс” ХХК-тай байгуулсан үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ болон боомтод тус компанид олгосон газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг энэ сарын 11-ний хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.
М.Гэгээ