Прокурорын байгууллага энэ оны нэгдүгээр улиралд мансууруулах бодистой холбоотой 192 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч, 185-д нь хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеийнхээс 57.2 хувиар өссөн дүн болов. Гомдол, мэдээллийн дагуу 193 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 146 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Яллагдагчаар татагдсан хүний 3.1 хувь нь 14-18, 31 хувь нь 18-25, 40.9 хувь нь 25-35, 24.3 хувь нь 35-аас дээш насныхан аж. Тэдний 12.5 хувь нь эмэгтэй, 78.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ.
Манай улсад сүүлийн таван жилд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 1297 хүн шүүхээр ял шийтгүүлсэн гэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас шүүхээс ял шийтгүүлсэн хүний тоо жил бүр нэмэгдэж буйг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлэв. Тухайлбал, 2021 онд 229, 2022 онд 237, 2023 онд 263, 2024 онд 248, 2025 онд 320 хүн шүүхээс ял шийтгүүлжээ. Өнгөрсөн онд ял шийтгүүлсэн хүнийг өмнөх оныхтой харьцуулахад 29 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Мөн энэ оны нэгдүгээр улиралд мансуурах зөрчил 124 бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 51.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна” гэж заасан. Үүний хүрээнд 46 хүнд 7-30 хоногийн баривч лах шийтгэл оноосон аж. Зөрчилд холбогдсон хүмүүс 14-36 насныхан байжээ. Тэдний 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй.
Ч.Цэлмэг