Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дуусжээ. Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б гэсэн таван хүнийг 2025 оны зургаадугаар сарын 6-7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг, Богд хан уулын Жаргалантын ам орчимд идээшилж байсан адууг тууж, Эмээлт дэх мал нядалгааны газарт худалдан борлуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэдэн дээр нэмж махны ченж Ч.У гэх эрийг яллагдагчаар татсан бөгөөд уг зургаан хүнд Эрүүгийн хуулийн 17.12-2-1, 17.12-2.2 дахь хэсгийн олон тооны мал бүлэглэж хулгайлсан, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтыг үндэслэн тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ сарын 6-10-ны хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47 384 хэрэгт хяналт тавьж, 376-д нь яллах дүгнэлт үйлдсэний нэг нь өнгөрсөн зун олны анхааралд өртсөн дээрх хүмүүсийн үйлдэл байв.