Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг тодорхой хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. 1.9 их наяд төгрөгийн нийт өртгөөр Туул гол дээгүүр 32 км авто зам, гүүрэн байгууламж барьснаар нийслэлийн түгжрэлийг бууруулна хэмээн хотын дарга Х.Нямбаатар тайлбарлаж буй. Улмаар төслийн гүйцэтгэгч болох БНХАУ-ын “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн дансанд 2025 онд нийслэлийн төсвөөс 500 гаруй тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Гэвч уг төслийн байгаль орчны үнэлгээг хангалттай хийгээгүй, түгжрэлийг бууруулах бодит тооцоо байхгүй хэмээн мэргэжилтнүүд ч мэдэгдэж, иргэд эсэргүүцэн жагссаар сар гаруй хугацаа өнгөрөөд буй юм.
Мөн 300 гаруй иргэн болон эрдэмтэн судлаачаас Засгийн газар, Ерөнхий сайдад хандан энэ төслийг зогсоохыг шаардсан бичиг хүргүүлсэн байна. Тиймээс Ерөнхий сайд иргэдийнхээ шаардлага, санал бодлыг сонсох нь зөв гэж үзжээ. Улмаар “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоож, хуулийн байгууллага шалгаж дуустал түр зогсоох шийдвэр гаргажээ.
Туул голоо аврах хөдөлгөөнд нэгдэж, сар гаруйн турш тууштай тэмцсэн иргэдийн тө лөөлөл болох Х.Уянга, сэтгүүлч О.Ариунбилэг нар уг шийдвэрийн дараа лайв хийж, “33 хоногийн турш ар гэрээ орхин тэмцлээ. Засгийн газар иргэдээ сонссонд талархаж байна. Гэхдээ илүү хурдан зогсоох шийдвэр гаргах байсан юм. Энэ бүхнээс аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ төрийн холбогдох агент лагуудаас санал, зөвшөөрөл авдаггүй, хүчээр явуулдгийг ойлгож авлаа. Ойн газар, Туул голын хамгаалалтын захиргаа тэргүүтнээс санал авах ёстой байсан. Мөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид бол мануухай аж. Нийслэлд шалгалт оруулах ёстойг энэ төсөл ха рууллаа” гэв.
С.Уул