Нийслэлийн Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайд холбогдох хэргийг ЭЦАнаас прокурорын шийдвэрийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж буй билээ. Түүнд хувийн баталгаа авах, хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан ч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, нотлох баримт зөөвөрлөх, устгах оролдлого хийх болсон тул АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх саналаа прокуророор дамжуулж шүүхэд хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт уг саналыг хэлэлцэх байв. Гэвч шүүх элдэв шалтгаар хойшлуулж лхагва гарагт товлосныгоо баасан болгосон.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүү хийн шүүгч Б.Батболор даргалан өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн яллагдагч Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих саналыг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3-ын “Хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэх үндэслэлээр энэ сарын 22-ноос эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалайтай хамт “Авангард уран дизайн энд инженеринг” ХХКийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Н.Билгүүн, “Хуваймонголиа” компанийн эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодогч Б.Болормаа тэргүүтэй 10 гаруй хүнийг холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1-3-ын эрх мэдлээ урвуулан ашигласан, 17.4-2.1-ийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан”, 18.6-1 дэх хэсэгт заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ. Тэднийг “Улаанбаатар метро” болон “Туулын хурдны”, “Нэгдүгээр тойрог зам” зэрэг төслийн хөрөнгөөс хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдээр дамжуулан, туслан гүйцэтгэгч нэрийн дор 6.6 тэрбум төгрөг завшиж угаасан хэмээн буруутгасан юм. Тодруулбал, “Туулын хурдны зам”, “Нэгдүгээр тойрог зам” төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс эхнэрийнхээ болон түү ний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжид 709 сая, эхнэрийнхээ 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан хэрэгт шалгаж байгаа. Угаасан мөнгөнөөсөө өөртөө зарцуулсан нөхцөл байдал ч илэрхий болоод буй аж.