
Манай сурагчид хими, биологи, физикийн олон улсын олимпиадад амжилттай оролцжээ. Тодруулбал, Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 10-19-нд зохион байгуулсан химийн олон улсын 58 дугаар олимпиадад 90 гаруй орны 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорьсноос “Шинэ Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мэндбаяр, “Бага тэнгэр” сургуулийн сурагч М.Одгэрэл нар мөнгө, “Шинэ Монгол”-ын 11 дүгээр ангийн сурагч Н.Ариунгоо, “Сант” сургуулийн сурагч Б.Мөнх-Энэрэл нар хүрэл медаль хүртсэн байна. Оролцогчид есөн бодлого, гурван даалгаврыг 10 цагийн турш гүйцэтгэсэн аж. Энэ үеэр Литва улсын Вильнюс хотод биологийн олон улсын 37 дугаар олимпиадыг мөн зохион байгуулсан юм. Үүнд 80 гаруй улсын 300 орчим сурагч өрсөлдсөнөөс “Шинэ эрин” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ш.Ануп мөнгө, “Монгол тэмүүлэл” сургуулийн төгсөх ангийн сурагч С.Сансармаа, “Шинэ Монгол”-ын сурагч Т.Буян-Амгалан нар хүрэл медаль эх орондоо авчирчээ.
Түүнчлэн дэлхийн шилдэг сурагчдын чуулган гэгддэг физикийн олон улсын 56 дугаар олимпиад Колумбийн Букараманга хотноо зохиогдож, Монголын багийн бүх сурагч медальтай ирсэн аж. Тус тэмцээнд 90 орны 450 сурагч онолын болон туршилтын даалгавар гүйцэтгэж өрсөлдсөн гэнэ. Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч Э.Ичинбат, МУИС-ийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч А.Орхонтуул, нийслэлийннэгдүгээр сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Шинэ Монгол”-ын сурагч Б.Эрмүүн нар мөнгө, Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд нархүрэл медаль хүртжээ. Дасгалжуулагч, “Олонлог.exe” сургуулийн физикийн багш Э.Гүндалай “Уг олимпиадад багийн орчуулга их чухал. Энэ нь багадаа 20-30 хуудас болдог. Бид нийт есөн цагийн турш орчуулга хийсэн” хэмээжээ. Ташрамд, манай улс 1998 оноос хойш физикийн олон улсын олимпиадад оролцож, өдгөө нийт 17 мөнгө, 35 хүрэл медаль хүртээд буй юм.