Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хуулийн дагуу есдүгээр сарын 1-нээс өмнө эл төслийг өргөн барих учиртай юм. Мөн Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулав.
“Монголын баялаг-Монголчууддаа” хэмээх зорилгын хүрээнд таны хувь, таны мөнгө, таны ирээдүй гэсэн гурван чиглэлд багцалж, эдгээр ажлыг хийж буй аж. Ер нь бол тодотголоор сайд нарын багцаас 1.4 их наядыг хасаж, ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмж буйг иргэд мэдсэн. Эдгээртээ шинэ нэр томьёо өгч, “гоёчилжээ”.
Ирэх 2027 оны төсвийн хууль Монголын баялгаа монголчууддаа хүргэх үндсэн зорилготой гэнэ. Оюутолгойн ногдол ашгаа авч, иргэн бүрийн хуримтлалын данс, IV цахилгаан станцын засвар, шинэчлэлд зориулах юм байна. Өөр юунд зориулмаар байгааг “И-Монголиа”-гаар дамжуулан иргэдийн саналаар шийдвэрлэх нь. Мөн 2027 оноос эхлэн ахмад настан, 2028 оноос оюутнууд ажил хийвэл тус тус нийгмийн даатгалын шимтгэл авахгүй болох аж. 16 000 орон сууцыг зургаан хувийн зээл, түрээслээд өмчлөх нөхцөлөөр борлуулна. Төрийн 4000 орон сууцын урьдчилгааг 15 хувь болгох юм байна. “ДЦС-3”- ын дэргэд 300 МВт-ын “ДЦС-6” барина. “ДЦС-3”-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн ДЦС-ыг ашиглалтад оруулна хэмээн Ерөнхий сайд мэдэгдэв. Гүүглийн компьютер 100 000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн хоёр, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар зорьжээ. Үүнээс гадна гадаадын зээл, тусламжаар шинээр 34 эмнэлэг барина. Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэ төлбөргүй авна гэдгийг дуулгалаа.
Улмаар үдээс хойш Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барилаа. Төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 41.3, төсвийн зарлагыг 43.6 их наяд байхаар тусгажээ.
С.Уул