Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ оны наймдугаар сарын 20-нд өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн болон дагалдах хуулиудын төслийг Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс хэлэлцэн санал, зөвлөмж гаргасан. Эл зөвлөмжийг өчигдөр олон нийтэд танилцуулав.
Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдээс нэгдсэн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1.6 их наяд төгрөгт хүргэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан. Мөн урсгал зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, ирэх арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний бусад бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 170 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Харин эдгээр нь хэт өөдрөг төсөөлөл хэмээн Эдийн засгийн зөвлөлийн зүгээс бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад дараах зөвлөгөөг өгчээ. Тухайлбал, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-д уул уурхайн томоохон компаниудын хувьцааг шууд өгснөөр тэдгээр компанийн ашгаас төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг УИХ-ын оролцоогүйгээр Засгийн газар дангаар шийдвэрлэх эрсдэл үүсэж болзошгүйг анхаарч, байгалийн баялгийн ашиглалтаас олох орлогын хуваарилалтыг УИХ-ын хяналтад байлгах, Хуримтлалын сангийн удирдлага, санхүүжилтийн асуудлыг УИХ-ын хяналтад оруулах, 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг бууруулах, төсвийн дэмжлэгийн зээл авах, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар Засгийн газрын өрийн хэмжээг ихэсгэхгүй байх, төсвийн урсгал зарлагын өсөлт нь хувийн салбарт татварын ачаалал нэмэгдүүлэх, инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэйг анхаарахыг зөвлөсөн байна.
Ч.Цэлмэг