Баавгай айлын гэр лүү дайрч, хүний амь хохироосон харамсалтай явдал болсонд Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлээд, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бүх бололцоогоо дайчилж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулав. Тодруулбал, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын онцгой комисс (УОК), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад үүрэг болгосон юм.
Тэрбээр “Баавгай хүний аминд хүрээд буй эгзэгтэй, аюултай нөхцөлд хууль, дүрэм өөрчлөх талаар ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйгээ өөрчлөхөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх нь чухал” хэмээн онцлов. Улмаар цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, холбогдох байгууллагуудыг 24 цаг ажиллуулж, шаардлагатай мэдээллийг иргэдэд өдөр бүр хүргээхийг УОК-ынхонд даалгалаа.
Баавгай унтуулах буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэхэд шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Үүний хэрэгжилтэд анхаарч, техник, технологийн тусламжтайгаар баавгайн тоо толгойн мэдээллийг бодитоор тооцон гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Н.Мишээл