Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд дэгдсэн хээрийн түймрийг унтраахаар Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг зургаан аймгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид, хил хамгаалах ангийнхан зэрэг нийт 200 гаруй хүн 35 автомашинтай ажиллаж, өчигдөр 00.55 цагт цурамд оруулжээ. 14.00 цагийн үед түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буйг албаныхан мэдээлсэн. Харин БНХАУ-ын талаас өөрийн хилийн бүс, хариуцсан газартаа түймэр унтраах ажил зохион байгуулсан гэнэ. Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь шатаж, ургамал, ан амьтан үлдсэнгүй хэмээн Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Ёл мэдээлсэн юм. Тэрбээр “Дархан цаазтай, тусгай хамгаалалттай газарт нэвтрэх эрхийг хэн олгов. Тодорхойгүй олон асуудал байна. Холбогдох албан тушаалтан үнэн мөнийг тогтоох хэрэгтэй” гэв. “Мобиком” корпорацын албан тушаалтнуудын унаж явсан автомашин шатсаны улмаас гал гарсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл тус компаниас өчигдөр мэдэгдэл гаргажээ. Үүнд “2026 онд Халхголын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбон, Сүмбэр хилийн боомтод шилэн кабель татаж, чанар, хүртээмжийг сайжруулсан. Энэ үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүсэд түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон. Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн” гэжээ. Дорнод аймгийн сэтгүүлч “Мобиком” корпорацын зохих газраас зөвшөөрөл аваагүй бөгөөд “60-11” гэх улсын дугаартай автомашин онхолдож, гал гарсны улмаас түймэр дэгдэж, Нөмрөгийн дархан цаазат газрын Соёлз уул, Модот хамар гэх газар бүхэлдээ түймэрт өртсөн талаар цахим хуудсандаа бичжээ. Халхголд дэгдсэн түймэр 80 км өргөн, 90 км урттай газар нутгийг хамарсан бөгөөд одоогоор хохирлын нийт хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна.
Ч.Цэлмэг