Африкийн зүүн хэсэгт орших Жибути улсын эргээс Йемен рүү зорчиж явсан цагаачдын завь хөмөрч, 139 хүн амиа алдаж, 84 иргэн сураггүй алга болжээ. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-ынхны мэдээлснээр уг завинд нийт 305 зорчигч байснаас 82 нь амьд үлдсэн аж.
Осол Жибути улсын Обок хотын хойд хэсэгт орших Гухере орчимд гарсан бөгөөд хэт олон зорчигч тээвэрлэсэн нь завь хөмрөх гол шалтгаан болсон гэнэ. Одоогоор албан ёсны бүртгэлд орон нутгийн эрх баригчдын оршуулсан хүмүүсийг хамруулж байгаа бөгөөд бусад цогцсыг эцэслэн баталгаажуулсны дараа нас барагсдын нийт тоонд нэмж бүртгэх юм. Амьд гарсан хүмүүсийн олонх нь Этиопын иргэн бөгөөд одоогоор эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж авч байна.
Африкийн зүүн хэсгээс Жибутигээр дамжин Йемен, улмаар Персийн булангийн орнуудыг зорих чиглэлд ийм осол гарах нь цөөнгүй аж. IOM-ынхны мэдээлснээр 2025 онд хагас сая гаруй цагаач уг замаар Йеменийг зорьсноос 900 нь амиа алджээ. Эдийн засгийн илүү боломж хайсан олон мянган иргэн аюултай замыг сонгосоор буй бөгөөд Жибутигийн эргийн ойролцоо өдгөө эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
У.Сүрэн