Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн суралцагчид түүхийн хичээлийн агуулгыг орчин үеийн дижитал технологитой уялдуулан аппликэйшн бүтээсэн байна. Тус коллежийн хүүхдүүд баг бүрдүүлэн тоглоомын аргаар уг аппликэйшнийг бүтээжээ. Өөрөөр хэлбэл, Монголын түүхийн сэдвээр зохиосон асуултад хариулж, оноо цуглуулах гэнэ. Буруу хариулсан тохиолдолд дүрмийн дагуу “амиа алдах” зэргээр оноо нь хасагдах аж. Ингэж сонирхолтой хэлбэрээр бүтээсэн тул хүүхдүүд эх түүхээ мэдэх, судлахад ихээхэн ач холбогдолтойг сурагчид онцолсон.
Тус коллеж ШУТИС-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж эхэлснээр сургалтын орчин, лаборатори, материаллаг бааз болон хүний нөөцийн чадавх бэхжиж, суралцагчдын мэдлэг, ур чадвар, бүтээлч санаачилгыг дэмжих боломж улам өргөжсөн байна. Үүний үр дүнд суралцагчид мэргэжлийн агуулгыг технологийн шийдэлтэй хослуулсан бүтээл, судалгааны ажлуудыг хэрэгжүүлж, сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой үр дүн гаргаж буйг багш нар хэллээ.
Ч.Цэлмэг