Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд “UG motors автомашин-мобилити” цогцолборыг барьж, ашиглалтад орууллаа. Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар байгуулсан тус цогцолбор нь 25 000 ам метр талбай бүхий 550 автомашины багтаамжтай аж. Цогцолбор нь шинэ, хуучин автомашины нэгдсэн худалдаа, авто тоноглол, сэлбэг, засвар, угаалга зэрэг 170 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхээрээ онцлогтой. Мөн хэрэглэгчдийн худалдан авах чадварыг сайжруулах зорилгоор банк, ББСБ, лизинг, даатгал, нотариатын үйлчилгээг давхар үзүүлэх юм.
Авто цогцолборт Азийн автомашины худалдааны салбарт түгээмэл хэрэглэдэг 6S загвар нэвтрүүлсэн нь Монголдоо анхдагч болжээ. Цаашид тухайлбал, Хятадаас PHEV болон EV автомашин импортлох UG mobility, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх станц, trade-in болон бүртгэлийн үйлчилгээ нэвтрүлнэ гэдгээ албаныхан онцолсон. “UG motors”-ын албан ёсны нээлт аравдугаар сарын 16-нд болох бөгөөд энэ үеэр машин технологи, загвар, энтертайнментыг нэг дор хослуулах “Auto runway” шоу зохион байгуулж, цогцолборын концепцийг олон нийтэд танилцуулах аж.