БНСУ-ын “Кёнбугт суралцацгаая-2026” боловсролын үзэсгэлэн энэ сарын 24-нд “Галлериа Улаанбаатар” төвд болно. Тус улсад суралцахаар төлөвлөж буй хүн бүр энэхүү үзэсгэлэнгээс сонгосон мэргэжилдээ тохирох сургууль, сургалтын төлбөр, хэлний бэлтгэл, тэтгэлэгт хэрхэн хамрагдахаа мэдэх боломжтой. Мөн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдтэй танилцаж, тэтгэлгийн шалгуур, сургалтын төлбөр, виз, байр, амьжиргааны зардлын талаар мэдээлэл авч, бодит зардлаа тооцуулаарай. Виз мэдүүлгийн ажилтнууд сонирхогчдод бүрдүүлэх материал, зөвлөгөө мэдээлэл өгөх ба энэ үеэр Солонгосын соёл, үндэсний хувцас, хоол, хүнсийг сурталчилж, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах аж.
Үзэсгэлэнд Кёнсанбугду мужийн зургаан их сургуулийн багш, төлөөлөгчид оролцож, сурагч, оюутан, залуус болон эцэг, эхчүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, тэтгэлгүүдэд зуучилж, гарын бэлэг гардуулах гэнэ. Тухайлбал, “Daegu university” нь БНСУ-д кампусын хэмжээгээрээ III-т ордог бөгөөд нийгмийн халамж, нөхөн сэргээх болон хүмүүнлэгийн чиглэлээр улсдаа шилдэгт тооцогддог, олон улсын оюутнуудад зориулсан суралцах, амьдрах тав тухтай орчинтой. “Yeungnam university” нь инженерчлэл, анагаах ухаан, бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээрээ улсдаа тэргүүлдэг бол Үндэсний технологийн их сургууль нь сургалтын төлбөр харьцангуй хямдтай, судалгааны баазтай гэх мэт мэдээллийг нэг дороос авах юм.