Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн Бурхантын ам гэх газарт энэ сарын 7-8-нд шилжих шөнө айлын гэр лүү баавгай дайрч, 40 настай эрэгтэйн аминд хүрч, 55 настай Н гэх эмэгтэйг хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл гэмтсэн иргэний ар гэрийнхэн нь өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, ард түмнээсээ хандив, тусламж хүсэж буйгаа илэрхийллээ. Түүний төрсөн эгч Сарангэрэл “Бид эхээс долуулаа. Дүүгийн минь биеийн байдал маш хүнд байна. Сая тархины хагалгаанд орсон, шарх нь бүрэн эдгэсний дараа дахин мэс засалд оруулна гэсэн. Эрүү, хавирга хугарсан, нуруу нь гэмтсэн, өөрт нь өвдөлт зовуурь, ихтэй, өвчин намдаах эм, тариа байнга хэрэглэж байна. Дүү минь гурван хүүтэй. Нэг нь насанд хүрээгүй хүүхэд. Орох оронгүй, хувцас хунаргүй үлдлээ. Ард түмнээсээ хандив, тусламж хүсэж байна” гэв. Мөн Н-ийн саахалтын эмэгтэй Ш.Одонгуа “Бид ийм аймшигт явдал болсныг үүрээр мэдсэн. Баавгай гэрийнх нь араас дайрч орж ирсэн юм билээ. Гэр орон нь “бөмбөгдүүлсэн” мэт болж, энд, тэндгүй цус нөж холилдсон дүр зураг одоо ч харагдаж байна. Байнга түгшүүртай байх болсон. Баавгай энд, тэндгүй явж байгааг БОУАӨЯ, бусад албаны хүмүүс мэдэж байсан хэрнээ иргэдээ сэрэмжлүүлж, хамгаалсангүй. Гэтэл БОУАӨ-ийн сайд, албан тушаалтнууд ирж уулзах нь бүү хэл, биеийг нь асууж ч яриагүй. Хамаатан садан, ах дүүс нь эмчилгээний зардлыг нь нийлүүлж өгсөн. Олон дахин мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Иймд Монголын ард түмэн Нарангэрэл эгчийн минь эмчилгээний зардалд хандивын гараа сунгаж өгөөч” гэв. Мөн түүний отгон хүү О.Лхагвасүрэн “Ээж минь биднийг бага байхаас л мал маллаж, сүү цагаан идээгээ боловсруулан зарж борлуулдаг байсан. Аав минь таван жилийн өмнө өөд болсон. Ээж минь юм ярьж чадахгүй, намайг хараад л байсан. Ийм болсонд нь одоо ч итгэж чадахгүй байна. Хурдан эдгээрэй” гэсэн юм.
Баавгайд бариулж амиа алдсан Т гэх залууг өнгөрсөн даваа гарагт оршуулжээ. Тэрээр эхнэр, охины хамт амьдардаг, бусдад тус дэм болж явдаг хорхойд хоргүй нэгэн байсныг хэвлэлийн бага хуралд оролцогчид ярьсан юм. Т-гийн ар гэр болох 10 гаруй настай охин, хөгжлийн бэрхшээлтэй эхнэр нь үлдсэн бөгөөд тэдэнд ч тусламж, дэмжлэг хэрэгтэй хэмээсэн.
Ц.САНДАГ-ОЧИР: НАС БАРСАН ИРГЭНД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХГҮЙ
Баавгайн халдлагад өртөж нас барсан болон гэмтсэн иргэнд Засгийн газраас нөхөн олговор олгох, эсэх талаар БОУАӨийн сайд Ц.Сандаг-Очироос сэтгүүлчид тодруулахад “УОК-оос гамшиг биш гэж үзсэн тул баавгайд бариулж нас барсан иргэнд нөхөн олговор олгох боломжгүй. Манай яамнаас сэрэмжлүүлэг хүргүүлж ажилласан. Баавгай ховор амьтны тоонд ордог учраас тухайн үед шууд буудах зөвшөөрөл олгох боломжгүй байв. Харин одоо нөхцөл байдал хүндэрч, бүх аймагт баавгай орж ирж буй учраас агнах зөвшөөрөл өгсөн. Мэргэжлийн анчидтай хамтарсан ажлын хэсгийнхэн дуудлага ирсэн тохиолдолд газар дээр нь очиж ажиллаж байна. Бид талийгаачийн ар гэрийнхнийг хүлээж авч уулзаагүй. Харин гэмтсэн эмэгтэйн ар гэрийнхэнтэй нь яамнаас хүмүүс очиж уулзаж, санал, хүсэлтийг нь сонссон. Гэр олгох асуудлыг дүүргийн ЗДТГ-аас шийднэ” гэв.
Мөн 15.00 цагт Улсын онцгой комис, БОУАӨЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс мэдээлэл өгсөн юм. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Энэ он гарснаас хойш баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 997 тохиолдол бүртгэгдсэн. 40 орчимд нь хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан байна. Сүүлийн үед нас бие гүйцсэн баавгай орж ирэх нь нэмэгдсэн. Суурьшлын бүсэд орж ирсэн 20 баавгайг устгасан” гэв. Түүнчлэн Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж амиа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн хүрээнд шуурхай нэгтгэн шийдвэрлэхээ мэдэгдлээ.
Ч.Болор