Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус хурал Улаанбаатар хотод болж байна. “Хүний эрхийн ирээдүй: Орон нутгаас бүс нутаг, дэлхий нийтийн түвшинд” сэдэвт семинарт хоёр тивийн 51 улсын төрийн болон хүний эрх, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл нийлсэн 100 орчим хүн оролцож, тулгамдсан асуудал, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, туршлагаа хуваалцаж буй юм.
Манай улс энэ удаагийн хуралд “Хүний эрхийн үндэсний байгууллагуудад тулгарч буй шинэ сорилтууд, хиймэл оюунаас уур амьсгалын өөрчлөлт рүү” сэдэвт панел хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүгээр хиймэл оюун, уур амьсгалын өөрчлөлт, бизнес ба хүний эрх зэрэг шинэ тутамд тулгарч буй асуудалд хүний эрхийн үндэсний байгууллагууд хэрхэн үр дүнтэй хариу арга хэмжээ авах, тэдгээрийн бүрэн эрх, үйл ажиллагааны арга барил, институцийн баталгааг хөгжүүлэх талаар хэлэлцүүлсэн юм. Түүнчлэн Парисын зарчимд нийцсэн хараат бус байдлыг хангах, хүний эрхийн байгууллагуудын чиг үүргийг хамгаалах, оролцоог бэхжүүлэх бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа, сүлжээгээр дамжуулан чадавх, хэрэгцээг нөхөх боломжийг онцлон авч үзжээ.
М.Гэгээ