Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн хамтран ажиллагч байгууллагуудынхаа дэмжлэгээр Хурхын хөндийд хүлэмжийн хийн солилцоог хэмжих шинэ станц суурилуулжээ. Уг төхөөрөмж нь хүлэрт газрын метан, нүүрсхүчлийн хийн урсгалыг тасралтгүй хэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цэвдгийн алдрал, газрын доройтлын харилцан хамаарлыг судлах боломж олгох гэнэ. Цаашлаад Монгол орны хүлэрт газрын талаарх шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг баяжуулж, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг үр дүнтэйгээр төлөвлөхөд хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.
Дээрх байгууллагынхан Хурх, Хүйтэний хөндийн экосистемийг хамгаалах зорилгоор тухайн бүсэд сүүлийн жилүүдэд судалгаа шинжилгээ тогтмол хийж буй. Хүлэмжийн хийн солилцоог хэмжих станц суурилуулсан нь үүний хүрээнд хэрэгжүүлсэн төлөвлөгөөт ажил юм байна. Судалгаа шинжилгээ, хяналт мониторинг, байгаль хамгаалахад ашиглах “Eddy covariance” станц суурилуулах төсөлд ХБНГУ-ын Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль, Хүлэрт газрын шинжлэх ухааны төв зэрэг байгууллага дэмжлэг, туслалцаа үзүүлжээ.
Ж.Сувд