Балбын төв хэсгийн Горха дүүргийн Чумчет тосгоны ойролцоо хөрсний гулгалт үүссэний улмаас энэ сарын 11-нд Будхи Гандаки голын урсгал хаагдаж, хүчтэй үер буужээ. Хуримтлагдсан ус байгалийн даланг сэтэлж, голын дагуух суурин газруудыг үерт автуулсан байна. Эл гамшгийн улмаас олон байшин, авто зам, гүүр, усан цахилгаан станцын гурван барилгын талбай эвдэрч сүйджээ. Балбын арми болон цагдаагийн алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж, аюултай бүсээс 200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Мөн тэдэнд онгоц болон автомашинаар хүнс, эм, майхан зэрэг нэн шаардлагатай тусламжийн барааг хүргэж буй ч хүчтэй салхины улмаас нисдэг тэрэгний ажиллагааг түр зогсооход хүрээд байна. Тус улсад өнгөрсөн наймдугаар сарын 26-нд тохиосон их үерийн хохирлыг арилгаж амжаагүй байтал ийнхүү дахин гамшиг нүүрлэв. Өмнөх үерийн улмаас 1455 хүн амиа алдаж, 5285 иргэн ор сураггүй болсон. Мөн 33 мянга гаруй хүн гамшигт өртөн, 7500 орчим байшин сүйджээ. Аврагчид 13 795 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн ч эвдэрсэн дэд бүтэц, орон сууцыг сэргээн босгоход 4.77 тэрбум ам.доллар шаардлагатай аж.
Э.Сүйлэн