Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 13-ны шөнө баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх гэж байсныг нутгийн иргэд аргалж, хорьж тогтоосон байна. Тэд хоёр цаг орчим ийн саатуулсан бөгөөд 19.00 цагийн үед онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн ч ирэхгүй удсан тухай цахим орчинд нийтэлжээ. Тэгвэл дуудлагын дагуу цагдаа, онцгой байдлын алба хаагчид ирсэн ч хууль, эрх зүйн зохицуулалт болон буудах тушаал байхгүй гэх шалтгаанаар баавгайг хөөж явуулсан гэнэ. Хоол тэжээл хайн суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгай дахин орж ирэхгүй гэх баталгаа байхгүй тул хүний аминд хүрэхээс нь өмнө хороох хэрэгтэй хэмээн олон нийт санал бодлоо хуваалцжээ.
Амьтны болон Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор 38 баавгай агнах зөвшөөрөл олгоод буй. Тухайлбал, Хэнтий аймагт 11, Сэлэнгэд зургаа, Дархан-Уул, Хөвсгөл, Увс, Завхан, Төв, Булган болон нийслэлийн Байгаль орчны газарт тус бүр гурван баавгай агнах зөвшөөрөл өгчээ. Үүнээс нийт 20 баавгай устгасан аж. Харин нийслэлд гурван баавгай орж ирснээс нэгийг нь л хороосон гэнэ. Энэ нь Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн Бурхантын ам гэх газарт айлын гэр лүү дайрч, нэг хүний аминд хүрч, нөгөөг нь хүнд гэмтээсэн хэргийн “эзэн” болохыг албаныхан хэлж буй. Тодруулбал, мэргэжлийн байгууллагынхан тухайн газрын ойролцоогоос баавгайг олж, устгасан юм. Агнасан баавгайн гэдэснээс хүний цус илэрсэн бөгөөд нарийвчилсан шинжилгээг эхлүүлсэн талаар зарим хэвлэлд мэдээлжээ.
Дээр дурдсанаар Сэлэнгэд зургаан баавгай агнах зөвшөөрөл олгосноос хоёрыг нь аюулгүй болгожээ. Ийм квот байсаар атал Бугантад орж ирсэн баавгайг яагаад устгасангүй вэ, хүний эрүүл мэнд, аминд аюул учруулбал яах юм гэсэн шүүмжлэл цахим орчинд тархаад байна. Харин аргагүй хамгаалалтын үед л баавгай устгахаас өөрөөр хороосон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг албаныхан анхааруулж буй. Иймд өөрийгөө болон бусдыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатайг БОУАӨЯ, УОК-ынхон хэлэлцэж буй гэнэ. Тухайлбал, Амьтны, Байгаль орчныг хамгаалах, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналуудыг ярилцжээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан аж. Тэрбээр тус хуулийн 25.7 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвхөн саарал чоноор хязгаарлахгүйгээр хүн рүү халдах аюул учруулсан бусад араатан амьтнаас өөрийгөө хамгаалах эрхийг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэж үзжээ. Ташрамд дуулгахад, баавгай 11-3 дугаар сард ичдэг бөгөөд хоосон ходоодтой бол ичээндээ орж чаддаггүйг байгаль орчны мэргэжилтнүүд хэлж буй.
Ч.Туяа