Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг шалгах явцдаа албан тушаалаа урвуулсан байж болзошгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай хэд хэдэн хүнийг нарийвчлан шалгуулахаар болжээ. Тухайлбал, Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж буй Х.Тамир тэдний дунд байна.
Хэвлэх үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага хэд хоногийн өмнө сурах бичгийн тендерт улс төрчдийн хамаарал бүхий компаниудыг сонгон шалгаруулсан хэмээн мэдээлэл хийсэн. Үүнийхээ дагуу АТГ-т гомдол гаргасан аж. “Мөнхийн үсэг”, “Соёмбо принтинг” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэх гомдлыг шалгах явцад Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир дураараа аашилсан буюу Эрүүгийн хуулийн 22.11-1-т заалтад тусгасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрчээ. Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж шалгуулахаар болсон байна. Мөн Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Мөнгөнхуягийг албан тушаалаа ашиглаж хамаарал бүхий буюу аавынхаа эзэмшлийн компанид давуу байдал бий болгосон, Сонгинохайрхан дүүрэг дэх нийслэлийн ерөнхий боловсролын “Өнөр” сургуулийн захирал Э.Тунгалаг нь ажилтнуудтайгаа хамтарч эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй зэрэг хэд хэдэн албан тушаалтанд холбогдох үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
Г.Орчлон