Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн эрх чөлөөний болон Хөрөнгө оруулалтын, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар Засгийн газрын хуралдаанд өчигдөр танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгөв. Тодруулбал, зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд холбогдох нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй тохиолдолд ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем (license.mn)-д хийх, энэ чиглэлээр гаргасан өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох, сунгуулах хүсэлт шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Тэрчлэн зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг дээрх системд хуульд заасан хугацаанд бүртгээгүй албан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Ж.Сувд